Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхэд баярлалаа.


     

    /Д.Оюун-Эрдэнийн ах Д.Доржпалам/

     

    Намайг Доржсүрэнгийн Оюун-Эрдэнэ гэдэг. Миний төрсөн ах Доржсүрэнгийн Доржпалам маань 1985 оны 12 сард гэмт хэрэгт холбогдоод хорих ялаар шийтгүүлсэн. Хорих ангид байхдаа 1992 онд бөөр нь муудаад эрүүл мэндийн улмаас хорих ангиас суллагдсан. Гэтэл 23 жилийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хорихын төв эмнэлэгээс шинжилгээ аваад шинжилгээгээр эрүүл гэж оношлогдоод буцаад хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр Улаанбаатар хотын хорих 409, Говьсүмбэр аймаг дахь хорих 425 дугаар ангид хоригдож байгаад Дархан-Уул аймаг дахь хорих 445 дугаар ангид шилжин хоригдсон. Манай ах 23 жилийн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, оршин суугаа хаягтаа байнга амьдарч, бүх л сонгуульд оролцож саналаа өгч явсан. Чухам энэ хугацаанд хууль хяналтын байгуулагаас нэг ч асууж, бүртгээгүй байж гэнэт 23 жилийн дараа бие нь муу хэвтэрт орчихсон байхад нь шинжилгээ аваад эрүүл гэж оношлогдсонд нь их гайхсан. Яг үнэндээ 2013, 2014 онд сүрьеэгийн тасгийн хяналтанд байсан, таяг тулаад, хана түшээд, явж байсан хүнийг буцаад хорьчихно гэж хэн бодох вэ. Ингээд би боломжоороо өмгөөлөгч аваад Үндсэн хуулийн цэц, Улсын их хурал, Хүний эрхийн хороо, Ерөнхийлөгчид хандаад, сүүлд нь Үндсэн хуулийн цэцээс Д.Доржпалам нь Дархан-Уул аймагт хоригдож байгаа учраас тухайн орон нутаг дахь шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Ингээд би ахынхаа бичиг баримтыг бүрдүүлээд, хорих ангийн нийгмийн ажилтнаас нь зан байдлын тодорхойлолтыг нь бичүүлж аваад, миний ах өөрөө өргөдлөө бичээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бүрдүүлж өгсөн. Шүүхийн 1 давхарт сууж байсан цагдаад учир байдлаа хэлэхэд шүүгчийн туслах Б.Гоомаралтай уулзаарай гэж зааж өгсөн. Шүүгчийн туслах Б.Гоомаралд бүрдүүлсэн баримт бичгээ өгөхөд өргөдлийн ард тамга тэмдэг дараад бүртгэж авсан. Тэгээд 7 хоногийн дараа Баасан гаригт Цагаан сар болоход хоёрхон хоногийн өмнө өглөө 09:36 цагт танихгүй дугаараас залгаад "хорих ангиас ярьж байна. Таны ах Д.Доржпаламыг дөнгөж сая шүүхээс суллах шийдвэр гарлаа. Ахыгаа ирж аваарай” гэж хэлж, ах маань хорих ангиас суллагдсан.

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч чин сэтгэлээсээ, зөв сайхан шийдэж өгснөөр манай гэр бүлд маш их аз жаргалыг авчирсанд эгч нь маш их талархалтай байна. Шүүхийн байгууллага үнэхээр ард түмний төлөө чин сэтгэлээсээ үйлчилж байгаад маш их баярлаж байна.

    Үнэндээ би ахыгаа хорих ангид нас барчихвий хэмээн их айдаг байсан. Гэтэл эрүүл саруул, цагаан сарын өмнөхөн суллагдаад гараад ирсэн. Д.Доржпалам бол миний том ах юм. Ахынхаа цагаан сарыг гэртээ хийх болсондоо их баярлаж байна. Баярлалаа. Та бүхний амьдралд нь аз жаргал, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.

     

    /Д.Доржпаламыг ял эдлэхээс чөлөөлөх тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгосон боловч Хяналтын шатны шүүх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр батласан. Иргэн Д.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхэд сэтгэгдэлээ илэрхийлснийг Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нийтлэв./


    1. Шүүхэд баярлалаа.
    2. Дарханчууд шүүхийн тухай ярьж байна.
    3. Шүүхэд баярлалаа
    4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
    5. Шүүхэд баярлалаа.