Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхэд баярлалаа


    Иргэн Р.Батжаргал: Би Монгол улсын иргэн хүний хувьд 2013 онд хийсэн шүүхийн шинэтгэлийн бодлого бол иргэн, бүх шатны байгууллагад оновчтой зөв бодлого байсан гэж ойлгож байна. Судлаач хүнийхээ хувьд нэгэн баримт нотолгоо ярья. 2012, 2013 оны үед шүүхийн салбарын талаар нэгэн судалгаа явуулсан байдаг. Уг судалгаанд оролцогчдын 27 орчим хувь нь "Би шүүхэд итгэж байна” гэж хариулсан бол шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжээд 2015 онд дахин санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь "Би шүүхэд итгэж байна” гэж хариулсан байдаг. Энэ нь энэ салбарын шинэтгэлийн бодлого зөв байна гэж иргэд, олон нийт ойлгож байгаагийн баталгаа юм.Шүүхийн шинэтгэл нь их ач холбогдолтой байсныг би 2 зүйлээр ярья.

    Нэг: Шүүгчдийн цалинг төсвийн байгууллага дотроо хамгийн өндөр цалинтай гэж ойлгож байна. Ингэснээр шүүгчид хараат бусаар ажиллах нийгмийн баталгааг нь хангаж өгсөн маш зөв оновчтой байсан. Нөгөө талаасаа шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ингэснээрээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хэн нэг албан тушаалтанд, дарга, иргэн, ямар нэг бүлэглэлүүд нөлөөлөхийг оролдвол шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөн нотолдог болсноор тухайн албан тушаалтан, нөлөөлөхийг завдсан этгээд хариуцлага хүлээдэг. Энэ бол их томоохон шинэтгэл гэж үзэж байна.

    Миний хувьд шүүхийн шинэтгэлийг зөвхөн шүүхийн хүрээнд ярьж болохгүй асуудал юм. Аль ч улс орны хэмжээнд шүүх, шүүгч нь шударга, хараат бусаар ажиллаж чадах юм бол тухайн улс оронд шударга ёс тогтож байгаагийн хамгийн том хэмжүүр нь болдог. Хүн бүр хуулиа дээдэлдэг, хэрэглэж чаддаг, хуулиараа хамгаалуулж чаддаг нэг ёсны сайхан соёл юм. Ийм соёлтой улс орон хөгждөг, хүн ард нь хангалуун байдаг, бусад гадны орон тухайн оронд эдийн засгийн, бизнесийн, хүмүүнлэгийн гэх мэт ямар ч салбарт хөрөнгө оруулалт хйихэд тааламжтай орчин бүрддэг. Үүнийг шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэж иргэн хүнийхээ хувьд ойлгож явдаг. Цаашид энэхүү шинэтгэлийг улам эрч хүчтэй, суурь цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд Монголын төр засаг хөрөнгө оруулалт, зохион байгуулалт, хүч гаргах ёстой.

    Хоёр: Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж, шүүхээр үйлчлүүлж байсан. Би Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд хууль бусаар ажлаасаа халагдсан. Ингээд би төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр 1 жил 2 сарын хугацаа зарцуулсан. Ингэж бүх шатны шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр явж байхад шүүгч, шүүгчийн туслах зэрэг шүүхийн ажилтан албан хаагчид их нягт нямбай, зохион байгуулалттай, хуулиа дээдэлсэн, шударга үнэнч ажиллаж байгааг би харж байсан. Иргэн хүний хувьд ямар нэг асуудал ерөөсөө гарч байгаагүй. Тийм учраас би шүүхэд баярлалаа гэж хэлэх ёстой.

    Шүүхэд баярлалаа

     

    2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон. Гэвч 4 сар хүртэл ажиллаад дахиад хууль бусаар ажлаасаа халагдсан. Анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр 1 жил 1 сарын хугацаанд хэргээ хянан шйидвэрлүүлсэн. Шүүгчид хэргийг маш хурдан, оновчтой, шударга, хуулиа дээдэлсэн зарчмаар шийдэж өгсөн.

    Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч, ажилчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга хариуцлагатай ажиллах тал дээр буюу нэг ёсондоо хүний нөөцийн бодлого их зөв зүйтэй хэрэгжиж байна гэдгийг би мэдэрч, ажигласан.

    Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлээд ажилдаа эргэж томилогдоод нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Миний бие шүүх, шүүхийн системийн хамт олонд талархаж байгаагаа хэлье. Та нарын ажил үйлс зөв тунгалаг байх ёстой. Шүүхийн шинэтгэлийн бодлого улам чанаржих болтугай. Бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье.


    1. Шүүхэд баярлалаа
    2. Шүүхэд баярлалаа
    3. ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
    4. В.Жавхлан: Дагнасан шүүх байгуулах шаардлага нийгмийн хэрэгцээнээс урган гарсан
    5. Шүүхэд баярлалаа.