» » Дарханчууд шүүхийн тухай ярьж байна.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Дарханчууд шүүхийн тухай ярьж байна.


    Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдэд ажлын тайлангаа тавьж, уулзалт хийх үеэр шүүх, шүүгчийн үйл ажиллагаа болон шүүхийн шинэтгэлийн талаарх санал бодлоо илэрхийлсэн иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.

     

     

    Иргэн Ж.Маанийдарий: Шүүх өнөөдрийнх шиг байгаагүй

    - Одоогоос хэдэн жилийн өмнө би шүүхээр явсан ч өнөөдрийнх шиг байгаагүй. Нотлох баримтыг зохих түвшинд нягталж үзээгүй, зарим нь гээгдэж дутсан учраас "Шүүх ч нэг иймэрхүү л юм байна даа” гэсэн ядмаг төсөөлөл надад үлдсэн. Саяхан би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэрэг маргаанаа шийдүүлэхээр шүүхэд хандахад үүдэнд хүлээн авахаас эхлээд өөр орчин угтсан. Өмнө нь тааруу сэтгэгдэлтэй үлдсэн би "Ээ дээ, яана даа. Бурхан надад туслах байх” гэж шүүх рүү айдастай очсоны хувьд шинэчлэгдэж өөр болсныг нь хараад маш их баярласан. Шүүгчийн асууж байгаа асуулт, хэргийн талуудтай харьцаж байгаа тэгш байдал, хэрэг маргааныг маань шударгаар шийдэх гэсэн чин хүсэл мэдрэгдсэн. Шүүх хурлаас "Ийм л байдаг бол болоо доо” гэж бодоод хөл газар хүрэхгүй баяртай гарч ирсэн. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал маань Дээд шүүхийн тайлбарыг шүүгч буруу тайлбарласан гэдэг шалтгаанаар хандсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд шүүх үнэхээр шударга болжээ гэж би хэлэхийг хүсч байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийг шүүгч буруу тайлбарлалаа гэж үзсэн хуульчдыг би одоо ч гайхаж байгаа. Намайг шүүхэд хандахад хүмүүс "Одоо бүх юм эсрэгээрээ болсон, итгэлтгүй. Өмгөөлөгч хүртэл хоёр талд ажиллаад худлаа болсон” гэж айлгаж байсан ч би итгэж шүүхэд хандсандаа сэтгэгдэл туйлын өндөр байна. Хэрэг шийдвэрлэсэн Ж.Лхагвасүрэн шүүгчийг би шүүх хурал дээр л анх удаа харсан. Асуултууд нь оновчтой, иргэдээ алагчилдаггүй, төвийг сахисан байр суурьтай, шүүгч хүн ийм л байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг иргэн надад төрүүлж чадсаныг онцлон хэлье. Миний хувьд албан тушаалтай, танил талтай хүн биш. Жирийн иргэний хувьд шүүхээр хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлээд баярласнаа илэрхийлэх нь бусад иргэдэд бас хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ би дахиж шүүхэд хандаагүй байсан бол хуучныхаа буруу зөрүү төсөөлөлтэй үлдэх байж.

     

     

    Өмгөөлөгч Л.Цуурай: Шүүхээс буруу зөрүү харьцаа мэдрэгддэггүй

    - Миний бие 39 дэх жилдээ хуулийн байгууллагад ажилласнаас сүүлийн 18 жил өмгөөллөөр дагнан ажиллаж байна. 1961 оны эрүү, иргэний хууль үйлчилж байхад хуульч болсноос хойш мөрдөн байцаагч, прокурор хийж олон хуулийн өөрчлөлтийг үзлээ. Сүүлийн 3 жилд шүүхийн байгууллагад асар их өөрчлөлт хийгдсэнийг би хувьдаа 180 хэмийн өөрчлөлт гарлаа гэж үздэг. Өмнөх нийгэмд нэг намын тогтолцооны үед төрөөс шүүхээ хянадаг байсан. Өнөөдөр шүүхэд ирж байгаа иргэд хүссэнээ ярьж хэлж, авья гэсэн мэдээллээ цахимаар болон амаар авч, үзье гэсэн хэргийн материалтайгаа танилцах нээлттэй байдал бүрдсэн. Ийм нөхцөлд иргэдийн айдаг сүрддэг байдал арилж, шүүхийн өмнө тэвдэж сандралгүй мэдүүлж чаддаг сэтгэл зүйн орчин бүрдэж байгаа нь өмгөөлөгч бидний ажилд ч ахицтай, аль аль талын сэтгэл ханамжийг бүрдүүлж байна. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх учраас заавал заргаа авахгүй ч гэсэн иргэн хүн шүүхээс зөв бодол, ойлголттой гарч чаддаг боллоо. Шүүгчийн өрөөний хаалгыг хааж, шүүхийнхээ үүдийг нээлттэй болгож өгсөн нь шинэтгэлийн маш зөв бодлого. Өмнө нь шүүгчийн өрөөнд өмгөөлөгч, прокурор, иргэн хэн ч ороод уулздаг, нөлөөнд автуулчих боломж байсан. Одоо бол шүүгч нэг талд үйлчилдэг гажуудал байхгүй болсныг өөрөө дунд нь орж нүдээр харж, ажиллаж байгаа хуульчийн хувьд баттай хэлье. Шүүхийн албан хаагч, ажилчдын зан харьцаа өөрчлөгдсөн нь мөн таатай байна. Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар хотод шүүх хуралд оролцдогийн хувьд надад буруу зөрүү харьцаа мэдрэгддэггүй. Би 1997 оноос хойш 2000 гаруй хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байдаг. Тэр бүхэнд иргэдэд хуулиа зөв тайлбарлаж, шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх байдал, магадлалыг би заавал урьдчилан хэлж анхааруулдаг.Сэтгэл зүйн талаас нь зөв бэлтгэдэг учраас миний өмгөөлсөн хүмүүс шүүхийг эсэргүүцэж, зандарч гарсан нь цөөн. Шүүхийн шийдвэр сонсохдоо бухимдах үе бий ч тэгсгээд хууль шүүхээ хүндэтгээд тайвширдаг. Шүүгчийн туслахаар ажиллаж байсан шинэ шүүгчид маш ур чадвартай, өндөр мэдлэгтэй хэрэг шийдвэрлэж байна. Шийдвэрийнх нь гаргалгаа үндэслэлийг харахад нээрээ л тийм шүү гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хэмжээнд хэрэг шийддэг болсон. Болдог бол уулзаж, асууж ярилцах юмсан гэж эрхгүй бодогддог.Одоо хуулиараа хориотой учраас уулзаж болохгүй л дээ. Шинэ үеийн шүүгчдийн боловсрол мэдлэг, чадал чансаа, нийгмийн мэдрэмжийг бидний үетэй харьцуулшгүй. Тэгэхээр шүүгчийн сонгон шалгаруулалт хуульчдын жинхэнэ мэдлэг чадвар, хариуцлага, ёс зүйг нь сорьж, шүүгчийг шилж олж чадаж байна.

     

     

    "Голомт” банкны ажилтан Б.Отгонбат: Эвлэрүүлэн зуучлалд талархал илэрхийлье

    -Шүүхэд урьд өмнө байгаагүй эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дагуу манай банк амжилттай үйлчлүүлж байгаадаа баяртай байдаг. Банк бол иргэдийн итгэл дээр тогтдог онцгой салбар. Тиймээс шүүхийг зорьж ирсэн иргэдтэйгээ зээлийн маргаан өрнүүлэх, тэр тусмаа шүүхээр зарга үүсгэх бол тийм ч таатай зүйл биш. Бид зээлтэй холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлалаар түргэн шуурхай, хөрөнгө хүч, зардал хэмнэж, богино хугацаанд шийдвэрлүүлэхийг илүүд үздэг. Талуудын хоорондын маргааныг тайван замаар, эрүүл уур амьсгал дунд шийдвэрлэж байгаа энэ үйлчилгээ цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний ажилд шуурхай үйчилгээгээрээ дэмжлэг үзүүлж байгаа Дархан-Уул аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд талархал илэрхийлье.


    Иргэн Д.Батчулуун: Шүүх хормойгоо нөхөж ажилладаг байсан

    - Би шүүхэд ажиллаж байсан ахмад настан хүн. Шүүхэд нярваар ажиллаж байсан хүний хувьд одоо л шүүхийг гаднаас нь хөндлөнгийн нүдээр харж, өөрчлөлтийг нь мэдэрч байна. Шүүн таслах ажиллагааг, шүүхийн захиргаанаас салгасан нь маш том шинэчлэл. Ерөнхий шүүгч шүүхийнхээ түрээсийн байрны мөнгөнд толгой өвдөөд байхааргүй болсон шүү. Шүүхийг айл шиг айл байлгаж ажиллуулж явна гэдэг амаргүй л дээ. Намайг шүүхэд нярваар ажиллаж байхад төсөв маш тарчиг, урд хормойгоороо хойд хормойгоо л нөхөж ажиллаж байсан нь одоо түүх болжээ.. Харандаа бал, цааснаас эхлээд бүгдийг би ариглаж гамнаж тарааж хүртээдэг байлаа. Үүнийг бол дотор нь ажиллаж байсан над мэтийн хүмүүс л ойлгоно. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр дагнасан шүүх байгуулагдаж, шүүхийн хөдөлмөрийн хуваарьт ахиц өөрчлөлт их гарлаа. Одоо цаашдаа дагнасан шүүх мэргэших болов уу гэсэн хүлээлттэй байдаг. Шүүгчийн ажил мэргэжлийн цалинг ахиулсан нь мөн зөв алхам. Намайг шүүхээс гарснаас хойш шүүх маань өдрөөс өдөрт өнгө орж, Давж заалдах шатны шүүх маань баригдаж ажиллах орчин нөхцөл нь ч сайжирсан.

     

     

    Иргэдийн төлөөлөгч Ж.Баттулга: Нээлттэй байдал шинэчлэлийн нотолгоо

    -Миний бие шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр анх удаагаа сонгогдож, хуралдааны танхимд тангараг өргөж, шүүх хуралдааны дэгийн дагуу процесс ажиллагааг ажиглаж оролцсон. Шүүх бүрэлдэхүүн миний дүгнэлтийг амаар болон бичгээр авсан. Би өмнө нь шүүхийн талаар тэр бүр нарийн мэдлэгтэй байгаагүй. Шүүх хуралдаанд 5 цаг иргэдийн төлөөлөгчийн байр сууринаас оролцохдоо мэтгэлцээний зарчмаар явагддаг юм байна, нотлох баримт хангалттай бүрдүүлж, түүнийгээ итгэл үнэмшилтэй шүүхийн өмнө нотолж чадсан нь заргаа авдаг зарчмыг олж харлаа. Шүүх иргэдийн эрхийг хамгаалж, хүний хувь заяанд нөлөөлөх шийдвэрийг гаргадагийг би илүү мэдэрсэн. Цаашдаа шүүхийн иргэдийн төлөөлөгчийн цагийн хөлсийг харгалзан үзэх шаардлагатай санагдсан. Хэдий иргэний үүргээ биелүүлж, хуралд оролцож байгаа боловч ажил албаа хойш тавьж ирж байгаа иргэдийнхээ цаг завыг үнэлэх ёстой болов уу. Би төрийн албан хаагч хүн. Шүүгчдийн ажил мэргэжлийн онцлогийг давчуу өрөөнд олон цагаар оюуны ачаалалтай ажилладагийг ойлголоо. Зуны халуунд тийм нөхцөлд удаан хуралдах юм бол амаргүй санагдсан. Шүүгчдийн цалинг төрөөс анхаарал хандуулж нэмсэн нь яалт ч үгүй зөв шийдвэр байжээ. Урьд өмнө нь шүүхийг нээлттэй байсныг би мэдэхгүй. Миний очиж үзсэнээр шүүх хуралдаан камержуулсан танхимд олон нийтийн хяналт болсон иргэдийн төлөөллийг байлцуулж, гадаа байгаа иргэддээ мөн дэлгэцээр харуулж нээлттэй, ил тод болж байгаа нь зөв зүйтэй шинэчлэл явагдаж байгаагийн бас нэг нотолгоо гэж би хувьдаа үзэж байна.

     

     

    Иргэн Х.Хуандаг: Шударга ёс утга төгс хэрэгжээсэй

    -Би Шарын голоос шүүхэд талархлаа илэрхийлэх гэж зорьж ирлээ. Монголын шүүх хуулийн дагуу шударгаар шийдвэр гаргаж, иргэд бидний эрхийг хамгаалж чаддагийг өөрийн биеэр мэдэрсэндээ баяртай байна. Шүүх хуралдаан цагтаа эхэлж, хурал хуульд заасан дэг журмынхаа дагуу явагдаж, шүүгчийн зүгээс алдаа эндэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлье. Миний адил олон иргэд шүүхэд эргэлзэлгүйгээр өөрсөддөө тулгарсан алив хэрэг маргааныг бүрэн итгэлтэйгээр шүүхээр шийдвэрлүүлээсэй, шүүхэд шударга ёс үеийн үед улам утга төгс хэрэгжээсэй гэдгийг энэ дашрамд хэлье.

     

     

    Өмгөөлөгч Л.Оюунсувд:

    -Би өмгөөлөгчөөр 12 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх өмгөөлөгчөөр ажиллаж эхлэх үеийн болон одоогийн шүүхийн ажиллагааг харьцуулшгүй. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд, хуульчдын үнэлгээ ч тэс өөрчлөгдсөн. Өмнө нь шүүхийн байр, орон тоо, бүтэц нь төдийлөн хангамж, хангалттай байгаагүйтэй ч нэг талаар холбоотой. Шүүхээс иргэдтэй харьцах харьцаа тааруу байсныг ч хэлэх ёстой. Одоо бол иргэдийн шүүхэд итгэх итгэл дээшилж, өмгөөлөгч, хуульчдын шүүхэд ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Шүүхийн шинэчлэл явагдаж эхэлснээр иргэдэд мэдээлэл нь нээлттэй, өргөн хүрээнд хүрч чадаж байгаа учраас иргэд эрхийн өндөр мэдрэмжтэй болжээ. Би эрхээ хамгаалуулна, шүүхэд хандана гэдэг итгэл үнэмшил дүүрэн байна. Өмгөөлөгчийн зөвлөгөөгүйгээр иргэд шүүхэд очиход угтаж аваад, зааж зөвлөөд өгдөг шүүхийн ажилтнуудын хариуцлага нэмэгдсэн. Энэ нь шүүх иргэдэд сэтгэгдэл төрүүлэхээр ажиллаж чадаж байна гэсэн үг. Шүүх дээр заавал ирэлгүйгээр бид цахимаар хурлын товоо мэдээд, хол газар байгаа бол цаг хугацаа, зардал хэмнэж алсын зайнаас буюу онлайнаар шүүх хуралд оролцож, шийдвэрээ интернэтээс харж байгаа нь шинэчлэлийн үр дүн. Шүүх хуралдааны танхимыг камержуулсан нь шүүгчдийн төдийгүй өмгөөлөгчдийн ёс зүй, хариуцлагад эргэлт хийсэн чухал нотлох баримт болж өгч байгаа. Энэ бол иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хамгийн том баталгаа.

     

     

    Ш.Отгонцэцэг

     

     

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



    1. Р.Батжаргал: УИХ, Засгийн газрын нэр хүнд унаж байхад шүүхийнх улам өссөн
    2. Шүүхэд баярлалаа
    3. ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ
    4. В.Жавхлан: Дагнасан шүүх байгуулах шаардлага нийгмийн хэрэгцээнээс урган гарсан
    5. Шүүхэд баярлалаа.