Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газар

    Шүүхэд баярлалаа.


    Намайг Сампилын Наранцацрал гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн дүү Сампилын Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд хандаж, ажиллаж байсан байдлыг тогтоолгосон. Би дандаа болохгүй, бүтэхгүй хүмүүс шүүхээр ордог гэж боддог байсан боловч энэ удаа би өөрөө шүүхэд хандаж байна. Учир нь миний дүү С.Нармандах Сэлэнгэ аймгийн Дулаан хаанд 1981-1989 онд ажиллаж байхад нь хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг буруу хийсэн байсан. Үүнийг нь Нийгмийн даатгал хүлээн авахгүй байсан учир шүүхэд хандлаа.

    Өчигдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танай шүүхийн хаалгаар орж ирэхэд цагдаагийн ажилтан /харуулын цагдаа/ Ч.Басбаяр гэдэг хүү их сайхан инээмсэглэн харьцаж, намайг нэхэмжлэл материалаа хүлээлгэн өгдөг ажилтан /Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн/-тай уулзуулсан. Тэр Г.Батболд гэх ажилтан надад нэхэмжлэлээ бичих талаар бүх зүйлийг ойлгомжтой, бүрэн тайлбарлаж өгснөөр би нэхэмжлэлээ бичээд хүлээлгэн өгсөн. Миний нэхэмжлэл М.Оюунцэцэг шүүгчид хуваарилагдаж, шүүгчийн туслах Ж.Отгончимэгтэй уулзсан. Туслах охин их сайхан эелдэг мэндлээд надад бүх зүйлийг тайлбарласан. Ер нь орж ирээд үүднээсээ их сайхан эелдэг харьцлаа. Би дүүгийн маань эхнэр хүнд өвчтэй, хурдан тэтгэвэрээ тогтоолгох шаардлагатай байгаа учир шалтгаанаа хэлэхэд туслах охин шүүгчтэй уулзаад шүүх хурлыг маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарласан. Өнөөдөр хамгийн эхэнд 09:00 цагт шүүх хуралд орж дүүгийнхээ Сэлэнгэд ажилласан 5 жилийг тогтоолголоо. Энэ бол хүний амьдралд их хэрэгтэй юм. Шүүх хурал дуусаад 2 цагийн дотор шийдвэрээ гардаад авчихлаа. Үнэхээр их баярлаж байна. Баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Баярласандаа сая шийдвэрээ гардаж авахдаа уйллаа, маш их баярлалаа.

    Одоо үед үйлчилгээний байгууллагын хүмүүс ч гэсэн их ууртай болсон. Харин шүүхийн байгууллага их өөр юм байна. Шүүхийн хаалгаар орж ирэхэд л орчин нь их цэвэрхэн, ажилчид нь харилцаа хандлага, ёс зүйгээ эрхэмлэн ажилладаг юм байна. Шүүх хуралд ороход цагдаагийн ажилтан /хамгаалалтын цагдаа/ хуралд хэрхэн оролцох талаар сайхан тайлбарлаж өглөө. Шүүгч М.Оюунцэцэг хурлыг мундаг удирдаж, хүнд их ойлгомжтой тайлбарлаж байлаа.

    Шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа бүгд л та бүхэнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй, гомдоллох хүн байх ёсгүй, ийм сайхан мундаг ажиллаж байгаа хүмүүст юунд нь гомдох билээ. Хэрвээ өөрөө буруу зүйл хийгээд шүүхээр шийтгүүлж байгаа бол өөртөө л гомдох хэрэгтэй, шүүгч тэр хүнийг хэрэгт оруулаагүй биздээ, хүмүүс ингэж л ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа.

     

     

    Иргэн С.Наранцацрал



    1. Дарханчууд шүүхийн тухай ярьж байна.
    2. Шүүхэд баярлалаа
    3. Шүүхэд баярлалаа
    4. Шүүхэд баярлалаа
    5. Шүүхэд баярлалаа.