Хүүхэд хамгааллын өрөөг шинэчлэн байгууллаа.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 онд шийдвэрлэгдсэн хэргийн судалгаанаас авч үзвэл нийт 16 төрлийн гэмт хэрэгт 60 хүүхэд өртөж хохирсноос бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхэд 6, бусдын заналхийлэлд өртсөн хүүхэд 7 байна. 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 7 төрлийн гэмт хэрэгт 21 хүүхэд хохирсноос бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхэд 5, эрүүл мэндээрээ хохирсон хүүхэд 10, эд хөрөнгөөр хохирсон хүүхэд 6 байна. Харин Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2018 онд нийт 1422 хэрэг шийдвэрлэгдсэнээс 160 нь буюу 11.25 хувь нь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 941 хэрэг шийдвэрлэгдсэнээс 133 нь буюу 14.13 хувь нь Гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг байна. 2018 онд шийдвэрлэсэн гэрлэлт цуцлуулах 117 хэрэгт 161 хүүхдийн, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлэсэн гэрлэлт цуцлуулах 81 хэрэгт 119 хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь судалгаанаас харагдаж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирсон болон бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн эдлүүлэх, тэдний нэр төр, бие махбодь, сэтгэл санааны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгааллын өрөө байгуулах” төслийг 2019 оны 1 дүгээр улиралд боловсруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2.1 сая төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн эрхийн хорооноос 1.1 сая төгрөг, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 5.4 сая төгрөг, нийт 8.6 сая төгрөгийн санхүүжилтээр “Хүүхэд хамгааллын өрөө байгуулах” төслийг хэрэгжүүлэн засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг төсөл хэрэгжснээр хүүхэд хамгааллын өрөөнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүүхдэд сэтгэл санааны тогтвортой байдал бий болж, бусдад эерэгээр нөлөөлөх, хүүхэд хамгааллын талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлуулах маргаанд асрамжтай холбоотой хүүхдийн саналыг тайван, тухтай зориулалт бүхий өрөөнд авснаар хүүхдийн анхаарал нь сарнихгүй, хүсэл зоригоо бусдын нөлөөлөлд автахгүйгээр чөлөөтөй илэрхийлэх боломжтой болох, эрүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүйн онцлог, бусдын нөлөөлөлд автаж болзошгүй байдал зэргийг харгалзан түүний мэдүүлгийг “Хүүхэд хамгааллын өрөө”-өөс шууд дамжуулж шүүх хуралдааны танхимд гаргадаг болсноор бусдаас айж эмээхгүйгээр хэргийн талаар үнэн бодит мэдүүлэг өгөх нөхцөл бүрдэх, насанд хүрээгүй хүүхдэд гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл зүйн хямралыг даван туулах, тэдний эрх ашгийг хамгаалах, гэмт хэргийн шинжтэй бие махбодийн болон сэтгэл санааны халдлагаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө, мэдээллийг өгөхөд тохиромжтой байдал бий болох зэрэг ач холбогдолтой юм.