Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлье

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байгаа билээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж шүүхийн байранд ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийж, шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг тогтмол амны хаалт хэрэглэхийг зөвлөж, халдваргүйжүүлэх уусмалаар гар ариутгах, халууныг хэмжих зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-6 насны хүүхдийг нь харгалзах хүнгүй зарим шүүгч, ажилтны 1 өдрийн ажлын цагийг 2 цагаар богиносгон ажиллуулж, нийт шүүгч, ажилчдыг өдөр бүр халуун аарц, чацарганаар хангах дархлааг дэмжих арга хэмжээ авч байна.

Улс орон даяар амны хаалтны хангамж хомс байгаа энэ үед өөрсдийн нөөц бололцоог ашиглан амны хаалт хийж, шүүхээр үйлчлүүлж буй амны хаалтгүй иргэдийг үнэ төлбөргүй хангаж байна.

Иргэн та шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн загвар, бүрдүүлбэрийн талаар шүүхийн байранд ирэлгүйгээр тус шүүхийн www.Darkhancourt.mn цахим хуудас болон 7037-5162 дугаарын утсаар мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдож мэдээлэл авах боломжтой.

Эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг мөрдөн, шинэ төрлийн коронавирусын халдвараас гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна.