ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Намайг Б.О гэдэг. Би 2016 оноос хойш нэгэн хүнсний дэлгүүрт кассаар ажилласан. Ажлын ачаалал өндөр, сарын 300,000 төгрөгийн цалинтай бөгөөд тооллого хийх бүрт 50,000 орчим төгрөгийн дутагдал гарч, тухай бүр цалингаасаа суутгуулан төлдөг байлаа. Мөн дэлгүүрийн эзний зөвшөөрлөөр хотхоныхоо хүмүүст зээлээр бараа өгдөг байсан юм. Ер нь байгууллагаасаа цалин гэж бэлэн мөнгө авч байгаагүй. Харин цалингийнхаа оронд гэртээ шаардлагатай бараагаа авдаг байсан. Ажиллах нөхцөл муу, нийгмийн даатгал ч төлдөггүй байсан учраас 2018 онд ажлаасаа гарсан.

Ажлаас гарсны дараа байгууллага маань намайг цагдаад өгсөн. Цагдаад өгсөн учир нь надаас зээлээр бараа авсан айлуудын өрийг төлүүлэх байсан юм билээ.

 Ингээд шалгагдаж явсаар хэрэг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн. Шүүхээс надад өмгөөлөгч авах эрхийг минь удаа дараа тайлбарласан боловч өмгөөлөгч авах мөнгөгүй гэдгээ хэлсэн. Гэтэл шүүгчийн туслах Б.Эрдэнэцогт үнэ төлбөргүйгээр улсын өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг минь тайлбарлаж өгч байсан. Гэвч би өмгөөлөгч авахгүй өөрөө явахаар шийдэж, шүүх хуралдаандаа оролцсон.

Шүүхийн шийдвэрээр намайг 500,000 төгрөгийг касснаас бэлнээр авч, байгууллагын дансанд байсан 448,685 төгрөгийг цалиндаа суутган авч, 68,250 төгрөгөөр өөрийн гар утасныхаа төлбөрийг төлсөн нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин зээлээр бараа худалдан авсан айлуудын өр болох 4,000,000 гаруй төгрөг надад хамааралгүй гэж үзсэн.

Байгууллагаас цалин өгдөггүй тул байгууллагын кассанд орж ирсэн мөнгөнөөс бэлнээр болон дансаар авч, гар утасны төлбөрөө төлөх зэргээр мөнгө авч байсан минь буруу бөгөөд бүр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байсан. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа.

Шүүх хэргийг үнэн зөвөөр, бодит зүйлийг ялгаж, салгаж, хуулийн дагуу шударга шийдсэн гэж үзэж байна. Мөн хэргийг шийдвэрлэсэн шүүгч Г.Гэрэлт-Од эрх, үүргийг минь маш сайн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгснөөс гадна байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулах хугацаа олгож, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Энэ хугацаанд би байгууллагадаа хохирлын мөнгийг шилжүүлэх гэсэн боловч хохирогч байгууллагыг төлөөлж байгаа хүн нь залгахаар утсаа авахгүй, албаар дансны дугаараа өгөхгүй, өртэй айлуудаасаа бичиг хийж өг гэх зэргээр үг сонсохгүй утсаа таслаад, зээлээр бараа авсан айлуудын мөнгийг давхар төлүүлэх гээд байсан.

Надад өөрийн учруулсан хохирлоо барагдуулах мөнгө нь байгаад байдаг, хохирогч тал маань албаар авдаггүй, шүүхээс өгсөн хугацаа дуусах гээд байдаг, хэрэв заасан хугацаанд төлөхгүй бол миний эрх зүйн байдал дордох гээд байдаг, маш хүнд нөхцөл үүссэн.

 Ингээд шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлыг тайлбарлахад шүүгч энэ байдлыг минь ойлгож, хохирогч талд хохирлыг бүрэн төлүүлсэн. Хэрэв шүүх миний үнэн байдлыг ойлгоогүй бол би өнөөдөр хохирлоо барагдуулаагүй гээд арай өөр асуудал яригдах байсан байх.

Шүүх миний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг минь харгалзан ялаас чөлөөлсөн.

Шударга ёс гэж байдаг юм байна. Би хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнээ ойлгосон, буруугаа хүлээж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулах шахсан байгууллагын хууль бус дарамтаас намайг чөлөөлж, үнэн зөв, шударга шийдвэр гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их талархаж байна.

Эцэст  нь хэлэхэд бид чинь хуулиа мэддэггүй юм билээ. Дэлгүүрийн худалдагч гэдэг хүн тухайн байгууллагын бараа буюу эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн бөгөөд тэр хариуцсан хөрөнгөөсөө хууль бусаар өөртөө авсан нь завших гэмт хэрэг болдог гэж ойлгосон.

Иймд адилхан ажил хөдөлмөр эрхэлдэг худалдагч, кассууддаа “Хөрөнгө завших” гэдэг гэмт хэргээс сэргийлээрэй, та бүхэн хуулиа уншаарай гэж анхааруулж хэлмээр байна.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР