ИРГЭН БҮР ТАВ ТУХТАЙ НИЙГЭМД АМЬДРАХ ЁСТОЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч орчуулагчаар үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Дархан-Уул аймгийн хэмжээнд харааны, сонсголын, тулгуур эрхтний бэрхшээлтэй зэрэг нийт 4500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Эдгээр иргэдэд гудамж талбайн уулзвараар зорчих, төрийн болон бусад байгууллагаас үйлчилгээ авахад зориулалтын орц, гарц, үйлчилгээ байхгүйгээс болж хүндрэл бэрхшээл өдөр тутам тулгардаг.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газраас холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодтой уулзалт зохион байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд хамтарч ажиллахаар боллоо.

Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Р.Амаржаргал, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-ны салбарын тэргүүн П.Ганхуяг, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн иргэн З.Зоригоохүү, Хараагүйчүүдийн салбар холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Н.Оюунбат нартай уулзалт зохион байгуулж, санал солилцож, зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, тэдний эрхийг хамгаалах зорилгоор дараах ажил, үйлчилгээг хэрэгжүүлж байна. 

Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд гол тулгардаг бэрхшээл нь орц, гарцны асуудал байдаг. Иймд тус шүүхээс хажуугийн авто зам хүртэлх, шүүхийн байрны орц, гарцад налуу зам буюу пандусыг хийж, тэргэнцэртэй иргэн бусдын туслалцаагүйгээр тэмдэг тэмдэглэгээний дагуу өөрөө зорчих, саадгүй орчинг бүрдүүллээ.

Хараагүй иргэдэд зориулан шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар зэргийг брайль үсгээр шивж, сонсдог шторк шүүхийн үйлчилгээний төвд байрлуулж, угтах үйлчилгээ буюу мэдээлэл лавлагааны мэргэжилтэнг брайль үсгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болголоо.

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхээр үйлчлүүлэхэд тулгардаг бэрхшээлийг арилгах үүднээс холбогдох мэргэжлийн хэлмэрчтэй тогтмол хамтран ажиллахаар боллоо.

Иргэн бүр тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах эрхтэй, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байх нь бидний нийгмийн үүрэг, хариуцлага тул тус шүүхийн зүгээс Дархан-Уул аймаг дахь хууль хяналтын болон бусад аж ахуй нэгж, байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үйл ажиллагаанд уриалж байна.