Түүхэн замнал

    Түүхэн замнал
    ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Дархан хотын шүүх нь 1962 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч гэсэн орон тоотойгоор байгуулагдаж анхны шүүхийн даргаар С.Баасай, нарийн бичгийн даргаар Х.Лена, тогтоол гүйцэтгэгчээр Г.Пүрэв нар ажиллаж эхэлсэн түүхтэй.
    Тухайн ондоо шүүх нь эрүүгийн 1 хэрэг, иргэний 21 хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд 1963 оноос зарлага, галч, өмгөөлөгч болон нэг шүүгчийн орон тоо нэмэгдэж байжээ.
    Үүнээс хойш 1970-аад он гэхэд Дархан хотод, үйлдвэрлэл, барилгажилт өрнөж, хүн амын тоо өссөн тул БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаартай зарлигаар шүүхийн зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааг сайжруулах үүднээс шүүхийн коллегийг байгуулжээ.
    БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 1 дүгээр тогтоолоор Дархан хотод ардын хэсгийн шүүхүүд байгуулахаар шийдвэрлэж уг оныхоо 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан, Найрамдал, Уурхайн хорооны, мөн 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Шарын гол хотын ардын хэсгийн шүүхийг тус тус байгуулжээ.
    1993 îíû 6 äóãààð ñàðûí 14-íèé Ø¿¿õ áàéãóóëàõ òóõàé õóóëèàð хэсгийн шүүхүүдийг нэгтгэн Сум дундын шүүх, хотын шүүхийг Давж заалдах шатны шүүх болгож өөрчилсөн. 
    Дархан нутгийн түүхэн товчоон
    Манай тооллын өмнөх 3-р зуунаас манай тооллын 1-р зууны эцэс хүртэл Монголчуудын дээд өвөг Хүннү гүрний төв хэсэг нь Хараагийн Наян уулаас Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл оршиж Хүннүгийн Модун шаньюйн орд өргөө төвлөрч байжээ. 
    Энэ үеийн түүхийн дурсгалууд Ноён уулын булшнаас нилээд олдсон байна.
    10-11-р зууны үед энэ нутаг нь Мэргэд, Хэрэйд, Хамаг Монголын нутгийн зааг бэлчирт оршиж байсан тул түүхэн чухал үйл явдлууд, шийдвэрлэх тулаанууд энд болж байсны дотроос хамгийн том нь Хүйтэн уул, Муу-Өндөрийн тулаанууд гэдэг нь түүхэн эх сурвалж Нууц товчоонд өгүүлсэн байдаг. 
    Энэ тулаануудад залуу Тэмүүжиний цэргийн дайтах урлагийн авьяас тодорч, цаашид ирээдүйн Их Монголын нэгдсэн улсыг нэгтгэн байгуулах, тэргүүлэх эхний зам нь нээгдсэн байна. 
    Монголын нэгдсэн улс байгуулагдсаны дараа энэ нутгийг эзэн Чингисийн төрийн их ноён Алаг Наяа захирч эзэн богдын дайны агтыг оторлон өсгөж байсан байна. 
    Монголын Их Юань улсын үед цэргийн тариалангийн газар болж алтан ургийн их ноён Бэхичийн захиргаанд байв. 
    Батмөнх Даян хааны үед зургаан түмэн Монголын хойд хэсгийн төв болж байгаад Халх Монгол Манжид эзлэгдсэний дараа Түшээт хан аймгийн голлох хошуу болжээ. 
    Тус хошуу нь Халхын төвийн том хошуудын нэг бөгөөд хошууны төв нь одоогийн Дархан-Уул аймгийн нутаг юм. 
    Түүхийг мөшгөж үзвэл анх 1501 онд газрыг хувь болгож өгөөд энд эзний сангийн их сүргийг нутагшуулахаар болж, өөр айл хүмүүс нутаглах, ан ав хийх, мод бут огтлох, газар хөндөхийг хориглон зарлигаар дархалснаас”Дархан Дарь-Эх” бурхан босгож, түүний мэлмийн өмнөх хөндийг "Бурхантын хөндий” хэмээн нэрлэсэн байна. 
    1694 онд Түшээт ханы хошуунаас тасарч Эрдэнэ вангийн хошуу байгуулагдаж анхны засаг ноёноор Цэрэнжав томилогджээ. Ноён Цэрэнжав бол Бат мөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайжийн 3-р хөвгүүн Онохуй үйзэн ноёны хүү Абтай сайн ханы ахмад хүү Субуудайн хүү юм. 
    1911-1912 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд тус хошууны ноён Эрдэнэ гүн Намсрай идэвхийлэн оролцож онцгой гавьяа байгуулсан байна.
    1912 оноосЭрдэнэ вангийн хошуу гэгдэх болж 1924 онд Ардын засаг захиргаа байгуулагдах хүртэл энэ нэрээрээ явжээ. 
    Эрдэнэ вангийн хошууны сүүлчийн засаг ноён М.Намсрай 1876 онд засаг ноён Төрийн түшээ гүн Мишигдоржийн өргөөнд Хараа голын адагт төржээ. Эрдэнэ вангийн хошуунд анхны ноён Цэрэнжаваас сүүлчийн ноён Эрдэнэ ван Намсрай хүртэл 11 засаг ноён суужээ. 
    М.Намсрай бага наснаас бага, их таван ухаан, монгол, хятад, манж бичигт суралцаж, төрийн уламжлалт ёс, хууль цаазын мэдлэг эзэмшээд 1893 онд эцэг ноёныг таалал төгсөхөд түүний гүн зэргийг залгамжлан 17 насандаа хошууны засаг ноён болжээ.
    Засаг ноён М. Намсрай хошуундаа ядуу гуйлгачингүй байхыг эрхэмлэхийн зэрэгцээ Манж-Хятадын дарлал, шунахай худалдаа, мөнгө хүүлэгчидийн эсрэг тууштай тэмцэгч байсан учир Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхийлэн оролцож, гавьяа байгуулсан бөгөөд тусгаар Богд хаант Монгол улсын анхны таван яамны нэг Шүүх яамны анхны сайдаар томилогдсон байна. 
    Тэрээр Шүүх яамны сайдаар ажиллаж байхдаа Сумьяа бэйс, Магсар хурц зэрэг хүмүүсийн хамт Богд хаант Монгол улсын хуулиудын эмхэтгэл хэмээх 12 дэвтэр хуулийг боловсруулан гаргаж мөрдүүлж эхэлсэн тул Богд хаанаас ван хэргэмээр шагнуулжээ. 
    Түүний боловсрол мэдлэг, зохион байгуулах ур чадвар, шуурхай дайчин чанарыг үнэлэн Богд хааны сангийн даамлаар ажиллуулж байсан. Мөн Монголын хойд хилийн 12 харуулыг ерөнхийлөн захирч Хүдэрээс Зэлтэр хүртэлх хилийн амгалан тайван байдлыг хариуцаж байсан бөгөөд тэдгээр харуулын нэг нь Зулзагын голд төвлөрч байлаа. 
    1921 онд Ардын хувьсгал өрнөхөд гүн Билигсайханы хамт сайн дурын цэрэг элсүүлэн зохион байгуулж, Орхон-Сэлэнгийн бэлчир "Алтан нуга”-д анхны 4 хорооны нэгийг дангаараа бүрдүүлжээ. Түүнээс гадна журамт цэргийг хоол хүнсээр хангахад онцгой анхаарал тавьж залгуулж байсан ба Д.Сүхбаатартай ойр дотны харилцаатай болж, Ц.Хасбаатар, Ерөөгийн Цэдэнбалжир,Галдаа нартай зуучлан танилцуулж тэднээс дэмжлэг олоход нь ихээхэн туслалцаа үзүүлж байсан тухай ардын хувьсгалын партизан М.Намжилдорж гуайн дуртгалд бичигдсэн байдаг. 
    Ардын хувьсгал ялсны дараа орон нутгийг тохинуулах, хуучин ёсыг халах талаар нилээд зүйл хийж, 1923 онд өөрөө санаачилан хэргэм зэргээ халж, хошууны тамгын газарт хуучин хууль ёс баримтлахыг зогсоож, засаг ноёноосоо татгалзан шинээр байгуулагдсан Зүүнбүрэн Хан-Уулын хошууны даргад тамгаа тушаагаад өөрөө номын мөр хөөж, хууль зүй судлах, түүх шаштир унших ажилд идэвхийлж байгаад 1925 онд учир битүүлэг байдлаар таалал төгсчээ. 
    1924 оны хулгана жилийн намар Дархан хан уулын хошуу засаглан тогтсон байна. 
    Уг хошуу нь Жавхлант хийдээс Шарын голын хойно байх Дархан хан уул хүртэл, Дарь-Эхийн хийдийн урьдах өндрөөс Яргайтын даваа өнгөртөл тэнүүн уудам их нутагт Баатар вангийн хошууны зүүн хойд залгаа олон голын бэлчир нутгийг эзэлж байжээ. 
    1931 оны хавар Сэлэнгэ аймгийн Дархан уулын сум байгуулагдаж Шарын Цагаан нуураас зүүн хойш Халзангийн хөтлийн адаг Ногоон толгой, Улаан шороот гэдэг 2 уулын ар хормойд Хүйтэний голын модон гүүрний цаад дэвсэг дээр төвлөрчээ. 
    1940-өөд оны сүүлчээр төмөр зам энэ нутгийн төвөөр дайран тавигдахад Төмөр замын Дархан өртөө байгуулагджээ. Хүн амын суурьшил, аян замын хөдөлгөөн ихсэж байгааг харгалзан 1958 онд сумын төвийг Хүйтэний голоос нүүлгэн төмөр замын Дархан өртөөн дээр төвлөрүүлжээ. 
    Дархан хотыг бүтээн босгох их ажил 1950-иад оны сүүлчээр энэ нутгийн геологийн тогтоц, эрдэс баялагт Зөвлөлт Монголын геологчидийн хамтран хийсэн эрэл, хайгуул, шинжилгээний бүрэн судалгаагаар эхэлсэн юм. Дарханы бүс нутагт төмрийн хүдэр, алт, нүүрс, гантиг, шохойн чулуу, элс хайрга зэрэг ихээхэн баялаг орд газрууд илэрч, газрын хөрс, усны тогтолцоо, чанар зэрэгт тусгай экспедици удаан хугацаагаар сорилт шинжилгээг дагнан хийж, хүн амыг ундны цэвэр усаар хангах, үйлдвэрүүдийн усан хангамж, нөөц ундарга зэргийг нарийвчлан тогтоосон байна. 
    1960 оны зун Москва хотноо шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэрээнд 2 талаас Ю.Цэдэнбал, Н.С.Хрушев нар гарын үсэг зурж, Монгол-Зөвлөлтийн засгийн газруудын хооронд хийгдсэн 1960 оны 2-р сарын 11, 9-р сарын 9-ний өдрийн хэлэлцээрүүд 1961 оны 3-р сарын 31-ний өдрийн протоколын дагуу Монгол улсын умард нутагт иж бүрэн аж үйлдвэрийн томоохон төв байгуулах ажил 1961 оны дунд үеэс шууд эхэлсэн бөгөөд 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хотын анхны тулгын чулууг тавьсан юм. 
    Бүтээн байгуулалтын энэ их талбар өөд эх орны өнцөг булан бүрээс дан залуучууд тэмүүлж, намын томилолт, эвлэлийн илгээлт өвөрлөн бөөн бөөнөөрөө ирж байсан бөгөөд тэднийг шинэ орчин, шинэ ажил, шинэ хүч угтан тосч байв. 
    Дарханы их бүтээн байгуулалт нь өөрийн цар хүрээ, үр дүн зэрэг бүхий л өнгө төрхөөрөө манай зууны шилдэг бүтээн байгуулалтанд зүй ёсоор орно.