Нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон
Шийдвэрийн дугаар: 2023.10.17-ны өдрийн 135/ШШ2023/01302 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Нэхэмжлэгч иргэн “Т” нь хариуцагч иргэн “О”-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах, хугацаа хэтрүүлсэн алданги гаргуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч нь “....О-оор буйдангийн бүрээс сольж бүрүүлэх ажлыг хийлгэсэн боловч бүрсэн буйдангууд оёдол наалтаараа урагдан чанарын шаардлага хангахгүй болсон. Доголдлыг арилгахыг О-оос шаардсан боловч хэл амаар доромжилсон. Иймд О-оос ажлын хөлсний 50% болох 900,000 төгрөг, ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн алданги 378,000 төгрөг, нийт 1,278,000 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч нь “...Би буйдан бүрэх, засах ажлыг захиалгаар хийдэг. Миний гүйцэтгэсэн ажилд ямар нэг асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, “Т” нь “О”-д ажлын хөлсийг бүрэн төлсөн боловч хийсэн ажил нь доголдолтой, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон.
Хуульд доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.
Шүүх нэхэмжлэгч “Т” нь хариуцагч “О”-оос ажлын доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч ажлын доголдлыг арилгаж, хэдэн төгрөгний зардал гаргаж хохирсон болохоо нотлоогүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч ажлыг хүлээн авах үед үлдэгдэл ажлын хөлсийг бүрэн төлж, алдангийг суутгаагүй байгаа нь алданги шаардах эрхээс татгалзсан гэж үзэж дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.