Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солив.
Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солив.
Шийдвэрийн дугаар: 2022/ХМШЗ/102
Шийдвэрийн төлөв: Давж заалдах гомдол гаргасан
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг
мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч “Х”-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуллагад хүргүүлсэн.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих анги болон Дархан-Уул аймгийн Прокурорын газраас “Ялтан Х нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийн ялыг эдлээд, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ял эдлэхээс зайлсхийсэн” тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.7 дахь хэсэгт заасны дагуу “Х”-ийн эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 89 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулах дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Ялтан “Х”- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би нөхрөөсөө салах гэж байгаа учир бага хүүхдээ аваад явсан, хоригдохоор хүүхдийг харах хүнгүй, гэр бүлийн таарамжгй харилцааны улмаас Зүүнхараа явсан” гэж мэдүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 162.5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавих ба ялтныг ажиллуулах ажлын байр тухайн тойрогт байхгүй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаан байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, прокурорт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
Ялтан “Х” оршин суугаа газраа өөрчилсөн, тухайн тойрогт оршин суух боломжгүй болсон бол энэ талаараа шийдвэр гүйцтгэгчид мэдэгдэж ял эдлэх тойрог, ажлын байраа өөрчлүүлэх боломжтой байсан боловч ял эдлүүлэх нийт хугацаанд ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь тогтоогдож байх тул ялтан “Х”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 712 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт тооцон 89 /наян ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.