Уншиж байна...
Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүрэг шаардахгүй

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын  08-ны өдрийн 135/ШШ2022/01584 дугаар шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тойм: №1, огноо: 2023.01.26

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Иргэн Бат нь “Бүрд” ХХК-иас 113,970,000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авахаар болж, 2018.09.28-ны өдөр тэдний хооронд “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг бичгээр байгуулжээ

“Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд иргэн Бат нь орон сууцны үнийг тодорхой хуваарийн дагуу хэсэгчилж, хувааж төлөхөөр заасан ба хэрэв Бат гэрээнд заасан хуваарийн дагуу мөнгөө цаг хугацаанд нь төлөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн буюу мөнгөн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч “Бүрд” ХХК-нд төлөхөөр тохиролцсон байна.

Иргэн Бат нь эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсны улмаас санхүүгийн хувьд хүндрэл гарч, орон сууц худалдах худалдан авах гэрээнд заасан графикийн дагуу төлбөрөө төлж чадахгүй болсон учир гэрээнээсээ татгалзах хүсэлтийг гаргасныг “Бүрд” ХХК нь хүлээн зөвшөөрсөн.

Гэрээнээс татгалзсаны улмаас талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг, үр дагавар үүсэх тул иргэн Бат 2020.12.09-ний өдөр байраа буцааж “Бүрд” ХХК-нд өгч, харин “Бүрд” ХХК нь байрны үнэд төлсөн 42,193,196 төгрөгийг буцааж өгөхөөр болсон.

Талууд гэрээнээсээ татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаасан боловч “Бүрд” ХХК нь “орон сууцны худалдах худалдан авах гэрээнд заасан графикийн дагуу хугацаандаа Бат нь төлбөрөө төлж байгаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүй учир алданги 39,558,552 төгрөгийг хариуцагч Батаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

“Бүрд“ ХХК нь алдангийн хугацааг тооцохдоо: төлбөрийн график зөрчигдөж эхэлсэн хугацаа буюу 2019.04.05-ны өдрөөс иргэн Бат байраа буцааж өгсөн өдөр буюу 2020.12.09-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож алданги 39,558,552 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүхээс талууд гэрээнээс татгалзсан учир хариуцагч Бат нь орон сууцны үнийн дүнгийн үлдэгдлийг нэхэмжлэгч “Бүрд” ХХК-нд төлөх үүрэг хүлээхгүй учир хариуцагч Батаас алданги гаргуулахаар шаардах эрх “Бүрд” ХХК-д байхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих