/Торгох ялаас чөлөөлөх тухай /
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол
Тоймын дугаар, огноо: 2023 оны 03 дугаар сарын 07 өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
“А” нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан захын хашаан дотор тээврийн хэрэгсэл жолоодон зогсоолоос ухарч гарах үйлдэл хийхдээ автомашины ард байсан явган зорчигч “Б”-ын зүүн хөлийг автомашиныхаа баруун хойд дугуйгаар дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч “А”-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, “А”-ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч хөнгөн ял шийтгэх хүсэлт гаргасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасныг баримтлан “А”-д оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.