Уншиж байна...
Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.15, 135/ШШ2022/01783

Шүүхийн шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.02.27, шийдвэр №3

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас иргэн С-тэй 2012 оны 07 сарын 25-ны өдөр “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /линзинг/-ийн гэрээ”-г байгуулж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн тракторыг хөнгөлттэй нөхцлөөр худалдсан байх бөгөөд иргэн С нь тракторыг хүлээн авахдаа үнийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд хуваан жилд 500,000 төгрөгөөр төлөх, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэн С-ийг гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Хөдөө аж ахуйг дэмжих сан нь С-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч С нь гэрээний дагуу тракторын үнэ 2,500,000 төгрөгийг төлсөн, хэзээ төлсөнөө санахгүй байгаа гэж маргасан.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурор нь төрийн ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 134 дугаар тушаалаар тариалан эрхлэлтийн дэмжих сангийн тайлан, үлдэгдлийг Хөдөө аж ахуйн дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг энэ хугацаанаас тоолж, төлбөр, алдангийг гаргуулах боломжтой гэж тайлбарлав.

 

Хариуцагч С нь гэрээний дагуу тракторын үнэ 2,500,000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй.

 

Гуравдагч этгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргасан тул шүүх энэ талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иргэний хуульд зааснаар, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж тус тус заасан.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь иргэн С-ээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйтэй холбоотой шаардах эрх үүсч байсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 07 сарын 25-ны өдөр дуусгавар болсноор мөн өдрөөс төлбөрийг бүхэлд нь шаардах эрх үүссэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж, мөрдөгдснөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлснээр дээрхи төлбөртэй холбоотой шаардах эрх шилжсэн.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь иргэн С-ээс төлбөрийг шаардаагүй, эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй бөгөөд шүүхэд 2022 оны 02 сарын 16-ны өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарласан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, иргэн С төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих