Нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлдог
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.01.04-ний өдрийн 135/ШЗ2023/00227,
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.01.16, процесс №1.
Нэхэмжлэгч Дулмаа нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас хариуцагч Доржийг албадан нүүлгэж гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дулмаа “...хариуцагч Доржийн тайлбараас үзэхэд тухайн орон сууцанд одоо Сараа амьдарч байх тул Сарааг хамтран хариуцагчаар татаж өгнө үү” гэх хүсэлтийг,
Хариуцагч Дорж “...Сараагийн хамаарал бүхий этгээд болох Батыг хамтран хариуцагчаар энэ хэрэгт оролцуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан.
Хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх бөгөөд нэхэмжлэгч хэнд холбогдуулан шаардлага гаргах эсэхээ өөрөө шийдвэрлэдэг тул хариуцагчаар хэнийг татах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх байдаг.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Сарааг оролцуулж, хариуцагчийн хүсэлтээр Батыг хамтран хариуцагчаар оролцуулах боломжгүй гэж үзэж Доржийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.