"ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-07-04 | 24Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 90 дүгээр зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Намсрайн Бүрэнчимэг, Баярхүүгийн Байгалмаа нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгож, шүүгч нар тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгчийн бүрэн эрх нь эхэллээ.
Ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Монголын Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүн өмгөөлөгчид, шүүхийн захиргааны ажилтан нар болон шинээр тангараг өргөж буй шүүгчдийн гэр бүл, найз нөхөд хүрэлцэн ирж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Шүүгч Н.Бүрэнчимэг, шүүгч Б.Байгалмаа нартаа хүний эрх эрх чөлөөг дээдлэн, хуулийг чанд сахин, ёс зүйг эрхэмлэн ажиллах их үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.









