-1

Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ: ШҮҮГЧ ХАРААТ БУСААР ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ

2024-10-09    |   679

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зарлаж байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-УИХ-аас баталсан тогтоолоор Монгол Улсад шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон байна. Одоогоор хэдэн шүүгч ажилладаг вэ?

 

-2016 онд УИХ­аас баталсан 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон. Одоогоор 500 гаруй шүүгч ажиллаж байна. Шүүгчийн тоо тогтоолоор баталсан хэмжээнд хүрэхгүй байгаа нь цалингийн сан нь төсөвт дутуу батлагдсантай холбоотой. Шүүгчийн орон тоог шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргааны өсөлт, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхтэй уялдуулж нэмэгдүүлдэг. Шүүгчийн ажлын ачаалал өсч, орон тоо нэмэгдэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдах, Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигддөг. Тиймээс шүүгчийн хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд ирэх жил 20-30 шүүгч нэмж авах саналаа хүргүүлсэн.

 

-Шүүгчийн сонгон шалгаруулалтын хоёр дахь шатны шалгалт удахгүй явагдана. Энэ талаар?

 

-Шүүгчээр ажиллах хүнд тавигдах шаардлага өмнөх хуулиас нэмэгдсэн. Жишээлбэл, хяналтын шатанд буюу Улсын дээд шүүхэд  шүүгчээр ажиллах хүн шүүгч эсвэл хуулийн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээний ажил, өмгөөлөгч, шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шалгуур тавьж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхэд ажиллах шүүгчид мөн тавигдах шаардлага нэмэгдсэн. Ял шийтгэл эдэлж, гэмт хэрэгт холбогдож, хувийн ёс зүйн талаас алдаа дутагдал гаргаагүй байх шалгууруудыг хуульд заасан.

 

-Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан нь хуулийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж  үзсэн. Шүүхийн хариуцлагагүй байдлаас болж иргэд хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч байна вэ?

 

-Сахилгын хороог байгуулсан нь бодлогын асуудал. Сахилга, ёс зүйн асуудал өмнө нь ШЕЗ-ийн чиг үүрэгт багтаж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  Шүүгчийн сахилгын хороог тусад нь байгуулахаар тусгасан. Шүүхийг сахилгажуулах, ёс зүйтэй болгох, хариуцлагажуулах, хандлагыг өөрчлөхийн тулд энэ байгууллага Үндсэн хуулиар бий болсон гэсэн үг. Шүүгчийн талаар иргэдийн гомдолыг хүлээн авдаг, ёс зүй зөрчсөн, хууль зөрчсөн, алдаа гаргасан эсэхийг авч хэлэлцээд сахилгын шийтгэл оногдуулах, огцруулах асуудлыг шийддэг. Шүүгчийн сахилга, ёс зүйн асуудлыг тусад нь авч үздэг болсноор хариуцлага нэмэгдэнэ гэж харж байна.

 

-Шүүгчийн сахилгын асуудлын нөгөө талд шүүгчийн хараат бус байдалд халдах тохиолдол яригдах байх...? 

 

-Шинэчлэн найруулсан хуулиар орж ирсэн шинэ зүйлийн нэг нь шүүгчийн хараат бус байдалд халдах, шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг юм. Хуулиар шүүгч хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Хэрвээ нөлөөлөх гэж хэн нэгэн оролдвол нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ШЕЗ-д ирүүлнэ. Үүнд, айлгаж, сүрдүүлэх, хээл хахууль өгөх гэж оролдсон зэрэг бүх үйл явцыг мэдүүлэх эрхтэй. Түүнийг зөвлөлөөс хянаж үзээд холбогдох байгууллагад шилжүүлнэ гэсэн хуулийн заалттай. Ихэнх гомдлыг цагдаа руу шилжүүлдэг. Шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нь нэмэгдэж байна. Энэ бол сайн тал. Нөлөөлөх гэж оролдсон хүмүүс түрүүчээсээ эрүүгийн болон захиргааны журмаар хариуцлага хүлээсэн тохиолдол бий.  

 

Г.АТАРБОЛД

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 2022.09.20 №111 \4060\

. . .