Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс
Шүүгчийн захирамжийн огноо: 2023.02.14, дугаар 135/ШЗ2023/01122
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр
Тойм: 2023.03.14, Процессын хураангуй №3
Иргэн Г-г төлөөлж А нь иргэн С-ээс орон сууцны гэрчилгээг Г-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Иргэний хуульд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлохоор заасны дагуу иргэн Г нь итгэмжлэлээр А-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон тул А нь итгэмжлэлд тодорхой заасан эрх, үүргийг Г-ийн нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ.
Харин итгэмжлэлд заагаагүй эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул А нь иргэн Г-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Мөн нэхэмжлэл нь иргэн Г, иргэн Д, иргэн С нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний үүрэгтэй холбоотой тул нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
Нэхэмжлэлд хариуцагч С-ын хаягийг Улаанбаатар хотод оршин суудаг гэж тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүхийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Шүүх иргэн Г-ээс итгэмжлэлээр А-д нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй тул шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлийг шүүхийн харъяалал зөрчиж гаргасан гэж үзэн А-гийн иргэн С-ээс орон сууцны гэрчилгээг Г-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс