АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛТНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТӨЛӨӨГҮЙН ҮР ДАГАВРЫГ ӨӨРӨӨ ХАРИУЦНА

АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛТНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТӨЛӨӨГҮЙН ҮР ДАГАВРЫГ ӨӨРӨӨ ХАРИУЦНА

 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.02.11-ний өдрийн 114/ШШ2025/0007

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2025.05.08 Шийдвэрийн тойм-9

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

           

Иргэн Э нь 2016 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд гуравдагч этгээд “Д” ТӨХК-д тасралтгүй ажиллаж  байгаад “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болсноос хойш 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын тасагт ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийг холбогдох баримтын хамт гаргажээ.

Э нь уг өргөдлийг гаргахаас өмнө хуулийн урьдчилсан нөхцөл болох 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн байх шаардлагыг хангасан байна.

Гэтэл дээрх өргөдөлд нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмаар хариу өгөөгүй тул Э-гээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9 055 598,0 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч “...Э өргөдөл гаргах үед түүнийг ажиллуулж байсан ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлөхөөр заасан тул түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэж үндэслэлээр маргасан.

Шүүхээс “...төрийн байгууллага, албан тушаалтан иргэний гаргасан өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй, хариуцагч Э-гийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь буруу боловч нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх учиртай. Гэтэл “Д” ТӨХК нь Э-ээс нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийг цалингаас суутган авсан атлаа ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын санг бүрдүүлэх шимтгэлийг төлөөгүй, үүний улмаас Э ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн үр дагаврыг хариуцагч бус ажил олгогч хариуцаж төлөхөөр хуульчилсан энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх зөрчигдсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.