ГЭМ ХОР УЧРАХАД ХОХИРОГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ НӨЛӨӨЛСӨН ТУЛ ХОХИРЛЫГ БАГАСГАЖ ТОГТООВ.

ГЭМ ХОР УЧРАХАД ХОХИРОГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ НӨЛӨӨЛСӨН

ТУЛ ХОХИРЛЫГ БАГАСГАЖ ТОГТООВ.

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр, 2025.04.24  №307/ШШ2025/00662

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Т.А, О.Г нар нь хариуцагч “Д” ХК-д холбогдуулан тус компанийн цэвэрлэх байгууламжийн лаг шаварт нэхэмжлэгч нарын 3 үхэр шигдэж үхсэн гэх үндэслэлээр 3,700,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас тухайн газар нь компанийн албан ёсны эзэмшилд бүртгэлгүй, нэхэмжлэгчид малаа хариулгагүй байлгаснаас үүдсэн асуудал учир хохирлыг хариуцахгүй гэж маргасан.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа холбогдох хуулиар 15,840,000 төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу тухайн нэхэмжлэлийг богиносгосон хугацаагаар шүүгч дангаар шийдвэрлэжээ.

Шүүх хариуцагч компанийн саарал ус асгадаг лаг шавар үүссэн талбайд нэхэмжлэгч нарын мал орж шигдэж үхсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч нь бохир усыг цэвэршүүлэн гадагшлуулж хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалалтгүй орчинд асгасан нь мал орохоор нөхцөлийг бүрдүүлсэн гэж, мөн нэхэмжлэгч нарын хувьд өөрийн өмчлөлийн зүйлээ хамгаалах, мал амьтны хувьд хариулгатай байлгах зэрэг үүрэгтэй бөгөөд энэ үүрэгтээ хайнга хандсаны улмаас буюу мал хариулгагүй байсан нь тухайн хохирол учрахад нөлөөлсөн гэж дүгнэж нэхэмжилж буй хохирлын хэмжээг тал хувиар бууруулан хариуцагчаас гаргуулсан байна.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.