ЗЭЭЛДЭГЧ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХАМТРАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙН БАРЬЦАА ХӨРӨНГӨӨР ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАНА

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.01.30, 307/ШШ2025/00181

Шүүхийн шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

2025.07. Шийдвэрийн хураангуй

Нэхэмжлэгч : МУХБ ХХК

Хариуцагч : ЭТ ХХК

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

            Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/case_anhan_engine/173732

            Нэхэмжлэгч МУХБ ХХК нь ЭТ ХХК-д холбогдуулан хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч ЭТ ХХК нь манайх зээл аваагүй, үндсэн зээлдэгчид холбогдуулаад шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй бөгөөд шийдвэр заавал биелэгдэх ёстой, зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн үүрэг байхгүй тул барьцааны гэрээгээр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж маргасан байна.

 

Шүүхээс хариуцагч ЭТ ХХК нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж, барьцааны гэрээгээр өөрийн байгууллагын өмчлөлд буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Иймд уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэж тогтоожээ.

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Хариуцагч үүрэг шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон, үүрэг байхгүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэрээний үүргийг дуусгавар болгосон талаарх нотлох баримт ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдохгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэн хариуцагчийн барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.