ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ГЭРЭЭНД ГЭРЭЭНИЙ БҮХ ОРОЛЦОГЧИД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР БАЙГУУЛАГДСАНД ТООЦНО

Шийдвэрийн огноо, дугаар: 2024.09.24, 135/ШШ2024/01129

Шүүхийн шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

2025.02.05, Шийдвэрийн хураангуй

Иргэн Д.Д, Я.Б нар нь иргэн Б.Б, Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 9,860,000 төгрөг, алданги 4,930,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн материалд Д.Д, Я.Б болон Б.Б, Э.С нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр 18,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, гэрээнд зээлдүүлэгч талаас Д.Д, Я.Б нар, зээлдэгч талаас Б.Б, Э.С нар гарын үсэг зурсан байна.

Мөн хэрэгт 2019 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ байгаа бөгөөд тус гэрээнд 18,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл сар бүрийн 6 хувийн хүүтэй, 2019 оны 10 сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 10 хувийн хүүтэй байхаар, зээлийг бэлнээр 2019 оны 05 сарын 07-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөх, хугацаанд нь зээлээ төлөөгүй бол алданги тооцохоор зааж, гэрээнд зээлдүүлэгч Д.Д, Я.Б нар, зээлдэгч талаас Б.Б дангаараа гарын үсэг зуржээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал сүүлд байгуулсан 2019 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнөх гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт бөгөөд талууд тохиролцон гэрээний хугацааг сунгаж, хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, нэмж алданги тооцохоор гэрээгээр тохирсон гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр мөнгө шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч тал энэ 2 гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, хүү, алданги нэхэмжилсэн. Хариуцагч тал зээлийн гэрээний төлбөрт нийт 20,380,000 төгрөгийг дансаар буцаан төлсөн банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б, Э.С нараас 860,000 төгрөг гаргуулж, 13,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үндэслэл нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх сүүлд байгуулсан гэрээнд гэрээний нэг тал болох зээлдэгч Э.С гарын үсэг зураагүй тул энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэж гэрээнд нэмэлтээр заасан алданги болон нэмэгдүүлсэн хэмжээгээр хүү тооцож шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Хариуцагч буюу зээлдэгч нарын нийт төлсөн 20,380,000 төгрөгийг анх байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцож, төлөөгүй үлдэгдэл үүрэг 860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, шийдвэрлэсэн байна.

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

            Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/
           Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.