Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхдээ хариуцагчаа зөв тодорхойлбол зохилтой

Шийдвэрийн дугаар: 2023.02.09 № 135/ШШ2023/00198

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тойм: 2023.04.13 өдрийн №1

Нэхэмжлэгч С хариуцагч А-д холбогдуулан гэм хорын хохирол буюу зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 13,021,998 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А “...осол гарахад нэхэмжлэгч буруутай талаар дүгнэлт гарсан. Мөн тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, сумын Засаг дарга нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан “дарааллын тэмдэг байрлуулах” үүргээ биелүүлээгүй буруутай тул нийт хохирлоос 198,500 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь хариуцагч А-ийн зам тээврийн осол болох үед жолоодож явсан Тоёото Королла маркийн 3*-7* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлийн гэрээгээр нэг талаас Транскапитал ББСБ, нөгөө талаас Э нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1311******** дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр автомашиныг Транскапитал ББСБ-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Мөн дээрх автомашины эзэмшил, өмчлөлийн талаар дэлгэрэнгүй лавлагаагаар уг автомашин нь Транскапитал ББСБ-ын өмчлөлд шилжихээс өмнө иргэн Э-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан байна.

Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гэм хорын хохирлыг дан ганц А-д холбогдуулж байгаа талаар тодруулахад зам тээврийн осол гаргасан этгээд буруутай гэж үзэж, хохирлоо гаргуулахаар шаардаж байна гэж тодруулжээ.

Гэвч тээврийн хэрэгслээс үүсэх гэм хорын хохирлыг илүү нарийвчлан зохицуулсан ба уг зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой тул тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг хуульд заасан зохицуулалтын дагуу эзэмшилд байснаас үл хамааран өмчлөгч нь гэм буруугүйгээр хариуцлага хүлээдэг тул А-г гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.