Уншиж байна...
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй

Захирамжийн дугаар: 2023.02.17 № 135/ШЗ2023/01192

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Захирамжийн тойм: 2023.04.13 өдрийн №2

Нэхэмжлэгч О нь Б-д холбогдуулан хариуцагчийн эзэмшлийн нохой нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг шилжих шөнө хашаанд орж, шүдлэн насны 6 ямааны хоолойг нь тас татаж 780,000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зарим ажиллагааг хэргийн оролцогч өөрөө гүйцэтгэх боломжгүй, хуулиар түүнд ийм эрх олгогдоогүй ба зөвхөн шүүхээр гүйцэтгүүлэх шаардлагатай байх тохиолдолд тэрээр шүүхэд энэ талаар хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох зорилгоор шүдлэн насны 6 толгой ямааны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь өөрийн шаардлага, татгалзлыг нотлох хуулиар олгосон үүрэгтэй шууд холбоотой ба уг хүсэлт нь эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, тусгай мэдлэг шаардагдсан асуудал тул шүүгч шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Шинжээчийн дүгнэлт нь зөвхөн нотолгооны хэрэгсэл нотлох баримт байхаас гадна нотлох баримтыг үнэлэх шүүхийн ажиллагаанд чухал ач холбогдолтой хэрэгсэл болдог.

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч Д.Алтантуяа

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих