Хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй, хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ

Захирамжийн дугаар: 2023.12.06-ны өдрийн 135/ШЗ2023/07164 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдох “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг даалгуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хүсэлтэд дурдсан нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой эсэх, зайлшгүй шаардлагатай нотлох баримт мөн эсэх үндэслэл тодорхойгүй, түүнчлэн “...нотариатч хуулбар үнэн тамга нь шаардлага хангахгүй гэх шалтгаанаар гэрчлэхгүй байна...” гэх нөхцөл нь зохигч өөрөө тухайн баримтыг олж авах боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм