Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.09.04 дугаар: 2024/ШЦТ/399
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн хураангуй.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 09 сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ ...... оны .... сарын ....-нд өөрийн эзэмшлийн **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “... Согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.1 дэх заалтад “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчин замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүйгээс онхолдож зам тээврийн осол гаргасан.
Улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Н гадагш шидэгдэж гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Иймд шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдууллаа.
Мөн шүүгдэгч М.Г-ээс сэтгэл санааны хохирол 156,420,000 /нэг зуун тавин зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж талийгаачийн ар гэрийнхэнд олгож, бага насны хүүхэд тус бүрд нь 18 нас хүртэл сар бүр 225,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир