Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 19-ний өдрийн 135/ШЗ2024/00539 дугаартай захирамж
Тоймын дугаар № 01, 2024.09.26
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Э.Н-ийн нэхэмжлэлтэй Ц.Г-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хуваарьт эд хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан эцэг хүний үүргийг нь хариуцуулж энэ хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл насанд хүрээгүй хүүхэд болох Г.Т-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.
Хүсэлтийнхээ үндэслэлийг ... 2023 оны 9 сарын 01-ний өдрөөс би хоёр хүүхдээ аваад тусдаа амьдарч байгаа гэж дурдсан бөгөөд хүү Г.Т-г төрснөөс хойш өнөөдрийг хүртэл эцэг Ц.Г нь ямар нэгэн санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй, хүүхдийнхээ нийгмийн баталгаа, анхдагч хэрэгцээнд нь анхаардаггүй, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй гэжээ.
Шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ тухайн хэрэг бүрийн онцлогоос шалтгаалан хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хэд хэдэн арга хэмжээг урьдчилан авч болохыг хуульчилсны дотор насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгүүлэх арга хэмжээ орж байна.
Уг арга хэмжээ авснаар насанд хүрээгүй хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, дундын эд хөрөнгийг устгах, бусдад шилжүүлэх, үгүй болохоос урьдчилан сэргийлэх бөгөөд зохигчдыг эвлэрэн хэлэлцэх боломж олгож буй хэрэг юм.
Хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслээр насанд хүрээгүй хүү болох Г.Т нь эх Э.Н- ийн асрамжид байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан урьдчилсан арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангаж, дээрх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл 2023 оны 5 сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Т –ийг эцэг Ц.Г -р тэжээн тэтгүүлэхээр, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-455 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, уг захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа