Төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 209/МА2024/00040 дүгээр магадлалтай,

Тоймын дугаар, огноо: 2024 оны 12 дугаар сарын 02, Дугаар 03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн П-н газар, Дархан-Уул аймгийн ОБ-н газар нь Б.Г, Д.С нарт холбогдуулан “Гэм хорын хохиролд 30,850,601 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн П-н газраас ОБЕ газрын харьяа Дархан-Уул аймаг дахь УН-н салбарын даргаар ажиллаж байсан Б.Г, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.С нараас төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэх үндэслэлээр хариуцагч Б.Г-аас 15,358,443 төгрөгийг, Д.С-аас 15,492,158 төгрөгийг тус тус нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.Г-ын шийдвэрээр гаргасан гэсэн хариу тайлбарыг үгүйсгэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, ямар үндэслэлээр хуваан хариуцуулан нэхэмжилж буй үндэслэл нь тодорхойгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнээд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ........ дугаартай тогтоолоор ОБЕ газрын харьяа Дархан-Уул аймгийн ОБ газрын нягтлан бодогч нь ажлаасаа чөлөөлөгдсөн нэр бүхий хүмүүсийн тушаалыг гаргуулахгүйгээр 1-2 жилийн хугацаанд цалинг нь бодож хувьдаа авдаг, мөн өөрт хамаарал бүхий иргэдийн данс руу ОБ газрын данснаас их хэмжээний мөнгө шилжүүлэн хувьдаа авч улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Дархан-Уул аймгийн П-н газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн ба тус шийдвэрт Б.Г, Д.С нар гомдол гаргаагүй учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-ны гаргасан хэрэг бүртгэлтийн ......... дугаартай хэрэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, хэрэг бүртгэлтийн .......... дугаартай хэрэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэсэн шаардлагыг хангасан байх тул хэрэг бүртгэлтийн .......... дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт гэж үнэлж, нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.